Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Флоуио Клоуд” ХХК болон Flowio платформд бүртгүүлж, үйлчилгээг ашиглаж буй Харилцагчийн хоорондын харилцааг зохицуулна.
Харилцагч Платформд бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар энэхүү Нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Иймд үйлчилгээг ашиглаж эхлэхээсээ өмнө тэдгээртэй сайтар танилцана уу.
1. Ерөнхий нөхцөл
- Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь “Флоуио Клоуд” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн хөгжүүлж, ажиллуулдаг Flowio цахим платформ (цаашид “Платформ” гэх)-оор дамжуулан бизнес эрхлэгчдэд хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглэгчийн харилцаа, борлуулалт, захиалга, төлбөр тооцоог автоматжуулах үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Компани болон Харилцагчийн хоорондын харилцааг зохицуулна.
- Энэхүү Нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
- “Платформ” гэж flowio.cloud болон түүний дэд домэйн дээр байрлах Flowio цахим системийг;
- “Компани” гэж Платформыг хөгжүүлж, ажиллуулдаг “Флоуио Клоуд” ХХК-ийг;
- “Flowio” гэж Компанийн үйлчилгээний брэнд нэрийг;
- “Харилцагч” гэж Нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Платформд бүртгүүлэн бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж буй эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
- “Эцсийн хэрэглэгч” гэж Харилцагчийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох, захиалах болон худалдан авч буй иргэн, хуулийн этгээдийг;
- “AI туслах” гэж Харилцагчийн оруулсан мэдээлэл, тохиргоонд үндэслэн Эцсийн хэрэглэгчид автомат хариулт өгөх, бүтээгдэхүүн санал болгох, захиалга бүртгэх зэрэг үйлдэл гүйцэтгэх хиймэл оюун ухаанд суурилсан системийг;
- “Захиалга” гэж Платформоор дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, захиалах хүсэлт, бүртгэлийг;
- “Үйлчилгээний багц” гэж Платформоор санал болгож буй үйлчилгээний төрөл, боломж, ашиглалтын хязгаар, төлбөрийн нөхцөлийг;
- “Хэтэвч” буюу “Flowio Wallet” гэж Харилцагчийн төлбөр, орлого, шимтгэл болон мөнгөн гүйлгээний мэдээллийг бүртгэх, удирдах Платформын системийг;
- “Гуравдагч талын үйлчилгээ” гэж Meta, Facebook, Instagram, QPay, банк, төлбөрийн систем болон бусад гаднын үйлчилгээг;
- “Цахим баталгаажуулалт” гэж Харилцагчийн бүртгэл, нэвтрэлт болон үйлдлийг баталгаажуулах цахим шуудан, нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код болон бусад мэдээллийг тус тус ойлгоно.
- Харилцагч Платформд бүртгүүлэхээс өмнө энэхүү Нөхцөл болон Компанийн Нууцлалын бодлоготой танилцсан байна. Бүртгэлийн хуудсанд «Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, хүлээн зөвшөөрч байна» гэсэн сонголтыг тэмдэглэж, «Бүртгүүлэх» товчийг дарснаар Нөхцөлийг зөвшөөрсөнд тооцож, талуудын хооронд цахим хэлцэл байгуулагдана. Компани зөвшөөрсөн огноо, цагийг бүртгэлд хадгална.
- Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бүртгүүлж буй этгээд нь тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй болохоо баталгаажуулна. Төлөөлөх эрхгүй этгээдийн үйлдлээс үүсэх үр дагаврыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
- Харилцагч Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй боловч энэ тохиолдолд Платформд бүртгүүлэх, үйлчилгээг ашиглах боломжгүй.
- Компани нь Платформоор дамжуулан AI туслах болон хэрэглэгчийн харилцаа, борлуулалт, захиалга, төлбөр тооцоог автоматжуулах технологийн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний багц, үнэ, ашиглалтын нөхцөлийн мэдээллийг цахимаар хүргэнэ.
- Харилцагч болон Эцсийн хэрэглэгчийн хооронд хийгдэх худалдаа, захиалга, төлбөр тооцооны хууль ёсны байдал, мэдээллийн үнэн зөв, үүргийн гүйцэтгэлийг Харилцагч хариуцна. Компани нь Платформын технологийн хэвийн ажиллагаа болон өөрийн хүлээсэн үйлчилгээний үүргийг хариуцна.
- Харилцагч Платформыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү Нөхцөл болон Компанийн холбогдох журам, бодлогыг мөрдөнө.
2. Үйлчилгээний төрөл, боломж
- Flowio нь Facebook Messenger, Instagram Direct зэрэг холбогдсон сувгаар Эцсийн хэрэглэгчтэй харилцах, мэдээлэл өгөх, бүтээгдэхүүн санал болгох, захиалга, цаг захиалга бүртгэх AI туслах үйлчилгээ үзүүлэхээс гадна нийтлэлийн сэтгэгдэлд автомат хариулт өгөх, чатын урсгал тохируулах боломж олгоно.
- Харилцагч нь Платформоор дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, захиалга, цаг захиалга болон борлуулалтаа удирдах, AI туслах болон AI постерын боломжийг ашиглах боломжтой.
- Харилцагч нь Платформоор дамжуулан хуудас, бараа, цуглуулга, маягт бүхий дэлгүүрийн вэбсайт бүтээж, сагс, төлбөрийн хамт <нэр>.store.flowio.cloud хаяг эсвэл өөрийн домэйн дээр нийтлэх боломжтой.
- Платформ нь багийн гишүүдийн эрх, хандалтыг удирдах, захиалга боловсруулах, QPay-ээр төлбөр хүлээн авах болон Хэтэвчээр дамжуулан орлого, гүйлгээний мэдээллийг бүртгэх боломжийг олгоно.
- Харилцагч нь гадны AI апп (Claude, Cursor гэх мэт)-аас дэлгүүрээ удирдах холболт үүсгэх боломжтой.
- Үйлчилгээний боломж, функц болон ашиглах нөхцөл нь Харилцагчийн сонгосон Үйлчилгээний багцаас хамаарч ялгаатай байж болно (жишээ нь өөрийн домэйн холбох боломж «Мэргэжлийн» багцад). Компани нь үйлчилгээг сайжруулах зорилгоор боломж, функцэд өөрчлөлт оруулж болно.
3. Худалдааны харилцаа, хариуцлага
- Харилцагч болон Эцсийн хэрэглэгчийн хооронд хийгдэх худалдах, худалдан авах болон үйлчилгээ үзүүлэх хэлцэл нь тухайн талуудын хооронд шууд байгуулагдана. Компани нь уг худалдааны хэлцлийн тал биш байна.
- Харилцагч нь өөрийн санал болгож буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, захиалгын биелэлт, хүргэлт, буцаалт, баталгаа болон төлбөрийн буцаалттай холбоотой үүрэг, хариуцлагыг бие даан хүлээнэ.
- Харилцагч болон Эцсийн хэрэглэгчийн хооронд үүссэн худалдаа, захиалга, хүргэлт, буцаалт болон төлбөрийн маргааныг тухайн талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
4. Бүртгэл, Харилцагчийн эрх, үүрэг
- Харилцагч Платформд бүртгүүлэхдээ үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх бөгөөд бүртгэлийн мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- Харилцагч өөрийн урьсан багийн гишүүдэд олгосон хандалтын эрх болон тэдгээрийн Платформд хийсэн үйлдлийг хариуцна.
- Харилцагч нь Платформд холбосон Facebook хуудас, Instagram бүртгэлийг удирдах хууль ёсны эрхтэй байх бөгөөд Meta компанийн ашиглалтын нөхцөл, бодлогыг мөрдөнө.
- Meta болон бусад гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчээс хандалт, зөвшөөрлийг цуцлах, хязгаарлах, түр зогсоох тохиолдолд тухайн сувгаар дамжих автомат хариулт болон холбогдох үйлчилгээ тасалдаж болохыг Харилцагч хүлээн зөвшөөрнө.
- Харилцагч нь гадны AI апп-д олгосон холболтын түлхүүрийг нууцлах бөгөөд түүгээр хийгдсэн үйлдлийг хариуцна. Харилцагч уг түлхүүрийг самбараас хүссэн үедээ цуцлах боломжтой.
5. AI хариулт ба таны борлуулалт
- Платформын AI туслах нь Харилцагчийн оруулсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, үнэ, үлдэгдэл болон тохиргоонд үндэслэн Эцсийн хэрэглэгчид автомат хариулт өгөх, бүтээгдэхүүн санал болгох, захиалга бүртгэх зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ.
- Харилцагч нь AI туслахын ашиглах бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, үнэ, үлдэгдэл болон бусад тохиргоог үнэн зөв, бүрэн, шинэчилсэн байлгах үүрэгтэй. Эдгээр мэдээлэл буруу, дутуу эсвэл шинэчлэгдээгүй байснаас үүдэн гарах үр дагаврыг Харилцагч өөрөө хариуцна.
- AI туслах нь автомат систем тул зарим тохиолдолд буруу, дутуу эсвэл тохиромжгүй хариулт өгөх боломжтой. Иймд Харилцагч нь AI туслахын харилцааг хянах, шаардлагатай үед харилцан яриаг өөрөө үргэлжлүүлэх, AI туслахын оролцоог зогсоох, харилцааг өөртөө шилжүүлэх боломжтой.
- Самбарын AI туслах нь Платформд өөрчлөлтийг зөвхөн Харилцагчийн зөвшөөрлөөр хийнэ. Гадны AI апп-аар хийх үйлдлийн зөвшөөрлийг тухайн апп Харилцагчаас асууна.
- AI-ийн бүтээсэн текст, зураг, постер буруу эсвэл бодит бус байж болох тул Харилцагч нийтлэхээсээ өмнө шалгана. Харилцагч нь AI-д өгч буй барааны зургийг ашиглах эрхтэй байна.
6. Харилцагчийн вэбсайтын агуулга, ашиглалт
- Харилцагч нь Платформоор дамжуулан үүсгэж, нийтэлсэн вэбсайтын текст, зураг, файл, бараа бүтээгдэхүүн, маягт, холбоос болон оруулсан код зэрэг бүх агуулгын хууль ёсны байдал, үнэн зөв байдал, ашиглах эрхийг өөрөө хариуцна.
- Нийтэд нээлттэй болгосон вэбсайт, хуудас, зураг, файл болон бусад агуулгыг холбоосоор дамжуулан бусад этгээд үзэх боломжтой. Иймд Харилцагч нь нууц болон нийтэд ил болгохыг хүсээгүй мэдээллийг вэбсайтад байршуулахгүй байх үүрэгтэй.
- Харилцагч нь вэбсайтын маягтаар дамжуулан зөвхөн шаардлагатай мэдээллийг цуглуулах, мэдээлэл цуглуулах зорилго, ашиглах нөхцөлийг Эцсийн хэрэглэгчид ойлгомжтой тайлбарлах, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалах, ашиглах үүрэгтэй. Нууц үг, банкны картын дугаар, регистрийн дугаар, эрүүл мэндийн мэдээлэл зэрэг эмзэг мэдээллийг шаардлагагүйгээр цуглуулахыг хориглоно.
- Facebook Pixel, Google Analytics нь Эцсийн хэрэглэгч вэбсайт дээр зөвшөөрсний дараа л ажиллана. Харилцагч нь гаднын код, газрын зураг, видео болон бусад гуравдагч талын үйлчилгээг вэбсайтад холбосноор Эцсийн хэрэглэгчийн мэдээлэл тухайн үйлчилгээ үзүүлэгчид дамжих боломжтойг анхаарч, хуульд заасан мэдэгдэл хүргэх, зөвшөөрөл авах үүргийг хүлээнэ.
- Харилцагчийн вэбсайтын нэр, хаяг болон агуулга нь хуурамч, төөрөгдүүлсэн байх, бусдын барааны тэмдэг, оюуны өмч болон хууль ёсны эрхийг зөрчих ёсгүй. Харилцагч нь өөрийн домэйныг холбохдоо тухайн домэйныг эзэмших, удирдах хууль ёсны эрхтэй байна. Домэйн Платформын серверт зөв тохируулагдаж, баталгаажсаны дараа тухайн хаягаар вэбсайт нийтэд нээлттэй болно.
- Харилцагч нь өөрийн вэбсайтад үйлчилгээний нөхцөл, худалдаа, буцаалт болон бусад бодлогоо нийтэлсэн тохиолдолд тэдгээр нь Харилцагч болон Эцсийн хэрэглэгчийн хоорондын харилцааг зохицуулна. AI туслах нь Харилцагчийн оруулсан тухайн мэдээлэлд үндэслэн Эцсийн хэрэглэгчид хариулт өгөх боломжтой.
- Платформ нь вэбсайтын нийтлэгдсэн сүүлийн 3 (гурав) хувилбарыг хадгалах, сэргээх боломж олгоно. Энэ нь бүрэн хэмжээний нөөц хуулбарын үйлчилгээ биш тул Харилцагч өөрийн вэбсайтын агуулга, файл болон бусад мэдээллийн хуулбарыг бие даан хадгалах үүрэгтэй.
- Харилцагчийн вэбсайт, агуулга нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү Нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Компани тухайн агуулгыг нуух, устгах, вэбсайтыг түр хугацаагаар зогсоох эрхтэй. Боломжтой тохиолдолд Компани урьдчилан мэдэгдэнэ.
7. Төлбөр ба хэтэвч
- Харилцагч нь Платформыг ашигласны төлбөр, үйлчилгээний багцын үнэ болон гүйлгээний шимтгэлийг flowio.cloud вэбсайтын Үнэ хэсэгт нийтэлсэн нөхцөл, тарифт үндэслэн төлнө. Харилцагч нь үнэ төлбөргүй багцаас эхлэн үйлчилгээг ашиглах боломжтой.
- Төлбөртэй үйлчилгээний багцын төлбөрийг сар бүр Харилцагчийн дэлгүүрийн Хэтэвч дэх үлдэгдлээс эсвэл QPay-ээр төлнө. Багцын төлбөр төлөх үед Хэтэвч дэх үлдэгдэл хүрэлцэхгүй бол Харилцагчийн үйлчилгээний багцыг үнэ төлбөргүй багц руу шилжүүлнэ.
- Эцсийн хэрэглэгчийн QPay-ээр төлсөн төлбөрийг Компани Харилцагчийн өмнөөс хүлээн авч, шимтгэлийг суутган Харилцагчийн дэлгүүрийн Хэтэвчинд бүртгэнэ. Харилцагч нь Хэтэвч дэх татан авах боломжтой үлдэгдлээс өөрийн банкны данс руу мөнгө шилжүүлэх хүсэлт гаргах бөгөөд Компани хүсэлтийг шалгаж шилжүүлнэ.
- Хэтэвчийн үлдэгдэл, орлого, зарлага, шимтгэл, гүйлгээний мэдээлэл болон мөнгө татан авах хүсэлтийн төлөвийг Харилцагч Платформоор дамжуулан хянах боломжтой.
- Компанийн олгосон кредитийг зөвхөн нэмэлт ярианы эрх, AI постерт зарцуулах бөгөөд бэлэн мөнгө болгох боломжгүй, хүчинтэй хугацаа нь дуусч болно.
- Компани нь үйлчилгээний багцын үнэ, төлбөрийн нөхцөл болон шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Харилцагчид урьдчилан мэдэгдэнэ. Өөрчлөлт хүчин төгөлдөр болох хугацаа болон хэрэгжих нөхцөлийг мэдэгдэлд тусгана.
8. Хориглох үйлдэл
Харилцагчид Платформ болон холбогдсон сувгийг ашиглахдаа дараах үйлдлийг хийхийг хориглоно. Үүнд:
- Спам, хүсээгүй сурталчилгаа, доромжилсон, заналхийлсэн болон хууль бус агуулга илгээх, нийтлэх;
- Хууль бус, хуурамч бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох, залилан мэхлэх, бусдын эрх, оюуны өмч, барааны тэмдгийг зөрчих;
- Бусад иргэн, байгууллагын нэр, дүр төрхийг зөвшөөрөлгүй ашиглан хуурамч вэбсайт, хуудас үүсгэх, нууц үг, банкны карт болон бусад нууц мэдээллийг залилан мэхлэх замаар авах;
- Платформ болон холбогдсон сувгаар дамжуулан вирус, хортой код, программ түгээх, Эцсийн хэрэглэгчийн төхөөрөмж, мэдээлэлд хохирол учруулах, зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээлэл цуглуулах;
- Meta болон бусад Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчийн ашиглалтын нөхцөл, олон нийтийн стандарт, хөгжүүлэгчийн бодлого, шаардлагыг зөрчих;
- Платформд зөвшөөрөлгүй нэвтрэх, системийн хэвийн ажиллагаанд саад учруулах, зориудаар хэт ачаалал үүсгэх, программын кодыг задлах, хуулбарлах, өөрчлөх оролдлого хийх.
9. Харилцагчийн мэдээлэл
- Харилцагчийн оруулсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, захиалга, борлуулалтын мэдээлэл болон вэбсайтын агуулга нь Харилцагчийн бизнесийн мэдээлэл байна.
- Эцсийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь тухайн хүний хувийн мэдээлэл байна.
- Компани нь эдгээр мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, Платформын хэвийн ажиллагааг хангах болон хуульд заасан бусад үндэслэлээр боловсруулна.
- Харилцагч нь Компанид Flowio үйлчилгээг үзүүлэх зорилгоор дээрх мэдээллийг хадгалах, харуулах, боловсруулах, AI боломж ашиглах үед AI үйлчилгээ үзүүлэгчид дамжуулах эрхийг олгоно.
- Харилцагч болон Эцсийн хэрэглэгчийн хувийн мэдээллийг Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, хамгаална.
- Харилцагч нь өөрийн мэдээллийг устгуулах хүсэлтийг Компанид гаргах эрхтэй. Компани нь хуульд заасан хадгалах үүрэг, шаардлагыг харгалзан мэдээллийг устгана.
10. Үйлчилгээг зогсоох, эрхийг хязгаарлах
- Харилцагч нь Flowio үйлчилгээг хүссэн үедээ ашиглахаа зогсоох, бүртгэл, дэлгүүрээ хаалгах хүсэлтийг support@flowio.cloud хаягаар гаргах эрхтэй.
- Харилцагч нь энэхүү Нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл Платформын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл учруулсан тохиолдолд Компани нь Харилцагчийн бүртгэл, Платформд нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлах, түдгэлзүүлэх эсвэл хаах эрхтэй.
- Компани нь боломжтой тохиолдолд дээрх арга хэмжээг авахаас өмнө Харилцагчид мэдэгдэж, зөрчлийг арилгах боломж олгоно. Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай нөхцөлд урьдчилан мэдэгдэхгүй байж болно.
- Дэлгүүр хаагдсан тохиолдолд түүний вэбсайт нийтэд харагдахаа болино. Хуульд заасны дагуу хадгалах шаардлагатай төлбөрийн бүртгэлийг хуульд заасан хугацаанд хадгална.
11. Хариуцлагын хязгаарлалт
- Компани нь Платформ болон үйлчилгээг одоогийн байгаа боломж, нөхцөлийн хүрээнд үзүүлэх бөгөөд тасралтгүй, сааталгүй, алдаагүй ажиллахыг баталгаажуулахгүй.
- Meta, QPay, OpenAI, хостинг, домэйн болон бусад Гуравдагч талын үйлчилгээний доголдол, саатал, хязгаарлалтаас үүдсэн тасалдалд Компани хариуцлага хүлээхгүй.
- Хуульд өөрөөр заагаагүй бол Компани нь шууд бус хохирол, алдсан ашиг, олох байсан орлогыг хариуцахгүй.
- Компанийн нийт хариуцлагын хэмжээ нь тухайн хариуцлага үүсэхээс өмнөх сүүлийн 3 (гурав) сарын хугацаанд Харилцагчаас Flowio үйлчилгээнд төлсөн нийт төлбөрөөс хэтрэхгүй.
12. Маргаан шийдвэрлэх
- Энэхүү Нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомжийг баримтална.
- Талуудын хооронд үүссэн маргааныг эхний ээлжид харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
- Компани нь энэхүү Нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлж, дээрх огноог шинэчлэх ба шаардлагатай тохиолдолд Харилцагчид мэдэгдэнэ.
- Харилцагч шинэчилсэн нөхцөлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг цуцлах эрхтэй. Шинэ нөхцөл хүчин төгөлдөр болсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь хуульд нийцсэн хүрээнд тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
13. Холбоо барих
Үйлчилгээ үзүүлэгч: “Флоуио Клоуд” ХХК (FLOWIO CLOUD LLC)
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 30-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 16, #9
И-мэйл: support@flowio.cloud
Утас: +976 8097 0422, +976 8999 7697
Вэбсайт: https://www.flowio.cloud